Үйл ажиллагааны хөтөлбөр


Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна.” гэсэн заалтыг үндэслэж, сумын Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллгааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөр, ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцсон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тулгуурлан аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, улс төрийн нам, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн боловсруулж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойллоо.

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн 16 тэргүүлэх зорилт, 90 дэд зорилтоос бүрдэж байна.

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Сум, орон нутгийн онцлог, хүн амын амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага, эрүүл мэнд, боловсролын түвшинд нийцсэн бодлого, шийдвэрийг гарган хэрэгжүүлж, өрх, гэр бүлийн хөгжилд чиглэсэн хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорино.

1.1. Эрүүл мэнд

Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. 

1.1.1. Эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийг сайжруулж,  оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг чанартай, тэгш,  хүртээмжтэй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.2. Эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангана.

1.1.3. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

1.1.4. Халдварт өвчний тандалт сэргийлэлтийг сайжруулж, эрт илрүүлэх идэвхтэй үзлэгийг зохион байгуулж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг дээшлүүлнэ.

1.1.5. Төрөлжсөн, сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.1.6. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулж, нийгмийн хамгааллыг дэмжинэ.

1.1.7. Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан өвчлөл, эндэгдлийг бууруулна.

1.1.8. Эрүүл мэндийн төвийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шийдвэрлэнэ.

1.1.9. Уламжлалт сэргээн засах тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах.

1.2. Боловсрол

Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, төлөвшил, гэр бүлийн амьдралын баталгаа, орон нутгийн хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцах тогтолцоог бэхжүүлнэ.

1.2.1. Суралцагчийг бие даан, бүтээлчээр суралцахуйд суралцах боломж олгох, тэдний авьяас, ур чадварыг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшил, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, амьдрах ухаанд суралцуулах бодлого баримтлан ажиллана.

1.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргээн засах үйлчилгээг нийгэм, хамт олонд нь түшиглэн тогтмол үзүүлнэ.

1.2.3. Цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим агуулга, цахим хичээл боловсруулж, бүх насны иргэдийн "Насан туршийн боловсрол"-ыг дэмжинэ.

1.2.4. Багшлах боловсон хүчний мэргэжил, арга зүйн хөгжлийг дэмжиж, тэднийг урамшуулах, харилцан туршлага солилцох боломжийг олгож, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарна.

1.2.5. Багш, сурагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, боловсролын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, "Хүүхдэд ээлтэй" сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3. Биеийн тамир, спорт

Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, амьдралын салшгүй хэсэг болгож, үндэсний болон өвөл, зуны спортуудыг дэмжиж, Хангал сумын баг, тамирчдын улс, аймгийн түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.

1.3.1. Хүн амыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл дадал хэвшилд сургах, орчин нөхцөлийг сайжруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.

1.3.2. Үндэсний спорт болон уламжлалт тоглоом наадгай, спортуудыг бодлогоор дэмжиж, тамирчдын амжилтыг ахиулах, улс, бүс, аймгийн чанартай уралдаан, тэмцээн зохион байгуулж, сумын өсвөрийн шигшээ багийг 1-ээс доошгүй төрлөөр зохион байгуулна.

1.3.3. Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандартын шаардлага хангасан талбайн хүртээмжийг нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлнэ.

1.3.4. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх улс, аймгийн хөтөлбөрийг суманд хэрэгжүүлнэ.

1.4. Соёл, урлаг

Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг хандлагатай хослуулан хөгжүүлнэ.

1.4.1. Анхдагч түмний бахархал, монгол өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, орчин үеийн соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангана.

1.4.2. Соёлын төвийн материаллаг баазыг сайжруулна.

1.4.3. Соёлын төв, иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилан соёлын өвийг хамгаалалтад авах, соёлын биет болон биет бус өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, цахим соёлын санг бүрдүүлнэ.

1.4.4. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлнэ.

1.4.5. Соёл урлагийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг орон нутгийн бодлогоор бэлтгэж, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтална.

1.5. Хөдөлмөр эрхлэлт

Орон нутгийн бизнес эрхлэгчид, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шинээр бий болсон ажлын байрыг тогтвортой хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

1.5.1. Аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

1.5.2. Өрхийн үйлдвэрлэл болон хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхол, боломжтой иргэдийг дэмжиж зээлэнд хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байранд зуучлах замаар түр болон байнгын ажлын байр бий болгоно.

1.5.3 Сумын брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах.

1.6. Нийгмийн хамгаалал, халамж

Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг гэр бүлд төвлөрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны болон хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, тэдний нийгмийн идэвх оролцоог дэмжсэн хөгжлийн төвүүдийг бий болгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ.

1.6.1. Гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллана.

 1.6.2. Орон нутгийн түвшин дэх нийгмийн бүх харилцаанд жендэрийн тэгш байдлыг ханган ажиллана.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Эдийн засгийн бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхийг зорино.

2.1. Эдийн засгийн тогтвортой хөгжил

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай, иргэдийн амьжиргааны түвшин өндөр, өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэгч сумын нэг болно.

2.1.1. Эдийн засгийн хөгжлийн 2021-2024 оны үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

2.1.2. Эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоод хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг тогтвортой нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ.

2.1.3. Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжинэ.

2.1.4. Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ.

2.1.5. Төсөв, санхүүгийн цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, үр ашигтай болгож, төсвийн зардлын ил тод байдлыг хангана.

2.1.6. Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл хөтлөлт, олон улсын стандарт нэвтрэлтийг сайжруулах замаар төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж, удирдлагын бүх шатанд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой шийдвэр гаргаж, хэрэгжүүлнэ.

2.2. Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

2.2.1. Хөдөө аж ахуйн салбарын материаллаг баазыг сайжруулна. 

2.2.2. “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг сайжруулна.

2.2.3. “Чинээлэг малчин” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, дотоодод мал, махны худалдааг нэмэгдүүлэн хөрш зэргэлдээ аймаг, суманд гаргаж, малчдын орлогыг өсгөнө.

2.2.4. Мал аж ахуй эрхлэлтийг дэмжих, өндөр ашиг шимтэй малын нийт сүрэгт эзлэх хувийг 20-д хүргэнэ.

2.2.5. Хадлан, бэлчээрийн талбайг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уст цэгийн хайгуул судалгаа хийж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.

2.2.6. Малын гоц халдварт, халдварт өвчний эрсдэл бүхий бүс нутагт мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг сайжруулна.

2.2.7. Мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд антибиотек, пестицидийн үлдэгдэл тодорхойлж, малын эмийн зохистой хэрэглээг хангана.

2.2.8. Атрын IV аяныг орон нутагт хэрэгжүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, үр сортын болон техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.

2.2.9. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулж, сумын хүн амын хүнсний ногооны хэрэгцээг 50-аас доошгүй хувиар хангана.

2.2.10. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлж, хүнсний ногоо, нарийн ногооны нэр төрлийг олшруулж, өвлийн болон нарлаг хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлнэ.

2.2.11. Дундын 5 тоннын багтаамжтай механикжсан зоорь барьж, ашиглалтад оруулна. 

2.2.12. Малын тэжээлийн ургамал тариалж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.

2.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоно.

2.3.1. Жижиг, дунд, үйлдвэрлэлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

2.3.2. Жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүжилтийн олон эх үүсвэрээс дэмжлэг үзүүлнэ.

2.3.3. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулна.

ГУРАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгалийн өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, нөхөн сэргээх замаар ашиглалтын нөөц бий болгох, аялал жуулчлалыг байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар бүсчилэн хөгжүүлж, сумын төлөвлөлт, дэд бүтцийн салбарын хөгжлийг түргэсгэж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахыг зорино.

 

3.1. Байгаль орчин

Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ.

3.1.1. Ус, рашааны судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.1.2. Сумын ойн сангийн ашиглалтад хамгаалалтын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.

3.1.3. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх санаачилгыг дэмжиж, хамтран хэрэгжүүлнэ.

3.1.4. Газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг судалгаанд үндэслэн зохион байгуулна.

3.1.5. Орчны бохирдол доройтлыг бууруулж, шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно.

3.1.6. “Жорлонгоо өөрчилье” аяныг жил бүр зохион байгуулж, айл өрх, албан байгууллагыг байгальд ээлтэй боловсон 00-той болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.1.7. Ус, цаг уурын ажиглалтын болон орчны хяналт-шинжилгээний сүлжээний хэвийн ажиллагааг хангаж, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулна.

3.1.8. Бэлчээр ашиглалт, нөхөн сэргээх, Ногоон тэжээл тариалах, тэжээлийн үйлдвэрийг нэмэгдүүлэх.

3.2. Аялал жуулчлал

Байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлнэ.

3.2.1. Улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуу стандартад нийцсэн түр буудаллах цэг байгуулна.

3.2.2. Өвөл, зуны аялал хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин хамтран ажиллана.

 

3.3. Дэд бүтцийн төлөвлөлт, төв суурингийн хөгжил

Сумын дэд бүтцийн салбарыг хөгжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ.

3.3.1. Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын хэтийн төлөвлөлттэй уялдуулан газар олголтын үйл ажиллагааг ил тод болгоно.

3.3.2. “Сайн хашаа", "Гудамж" төслүүдийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.3.3. Суманд спортын болон хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг 30 хувиар нэмэгдүүлнэ.

3.3.4. Сумын гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ.

3.3.5. Сумын төвд инженерийн шугам сүлжээний төвлөрсөн системтэй болно.

3.3.6. Авто зам, гүүр засварын ажлыг үе шаттайгаар хийнэ.

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах замаар мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж,  төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангахыг зорино.

4.1. “Цахим Монгол” төрийн шуурхай үйлчилгээ

Цахим хөгжлийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа зардлыг хэмнэнэ.

4.1.1. “Цахим Монгол" төрийн үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

4.1.2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд олон нийтийн оролцоог хангана.

4.2. Мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба-хүнд сурталгүй төрийн үйлчилгээ

Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ.

4.2.1. Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг бэхжүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрх ашгийг дээдэлсэн зөв бодлогыг хэрэгжүүлнэ.

4.2.2. Төрийн албаны хүний нөөцийг үе шаттай сургаж, мэргэшүүлэн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ.

4.2.3. Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

4.2.4. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна.

4.2.5. Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төр иргэдийн энэ төрлийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.

4.2.6. “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016” олон улсын             стандарт”-ыг төрийн байгууллагуудад нэвтрүүлнэ.

4.2.7. Гадаад улстай эдийн засгийн үр ашиг бүхий хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

       4.3. Хууль, эрх зүй, батлан хамгаалах

Иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангана.

4.3.1. Сумын төвийн камержуулалтын нэгдсэн системийг шинэчлэн засварлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авч, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.

4.3.2. Мансууруулах бодис хэрэглэгч, архинд донтогчдод эрүүл мэндийн болон сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.3.3. Зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол, түүнээс үүдэх хор уршгийг бууруулна.

4.3.4. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн эсрэг нөлөөллийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

4.3.5. Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулна.

4.3.6.Хуулийн салбарын байгууллагуудын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчилж, ажиллах орчныг сайжруулан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх.

4.3.7.Иргэдэд эрх зүйн албан бус боловсрол олгох чиглэлээр хөтөлбөрийг суманд хэрэгжүүлнэ.

4.3.8.Сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тойм судалгаа хийж, гамшиг аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч, техник тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.

4.3.9.Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.

ТАВ. БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Иргэдийн сумандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорино.

5.1. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэн орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

5.1.1. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлнэ.

5.1.2. Суманд үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

5.1.3. Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замыг барьж, ашиглалтад оруулахад хамтран ажиллах.

5.1.7. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр үүрэн холбоо, өндөр хурдны интернэт ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

5.1.8. Цахилгаан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг бэхжүүлнэ.

 

 

----оооОООооо---

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх